Гал түймэр унтраах тактикийн дадлага сургалт зохион байгуулав

1663666106964-768x1024-1.jpeg

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Белла Виста” хотхонд гал түймэр унтраах тактикийн дадлага сургалт зохион байгууллаа.Дадлага сургалтыг нээж тэргүүн дэд дарга Д.Мөнхсайхан үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Дадлага сургалт хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Белла виста” хотхоны 500 дугаар байранд гал түймэр гарсан тухай мэдээг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн “101” тусгай дугаарын утас руу залгаж өгснөөр эхэлсэн.

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургалт 3 шаттайгаар зохион байгуулагдав.

Тодруулбал Гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үеэр бүрэлдэхүүн нэгдэн жагсаж сургуулийн төлөвлөгөөт арга хэмжээг хэрэгжүүлэн, цагийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээг сургуулийн удирдагч танилцуулж, нийслэлийн Онцгой байдлын газар, “М СИ ЭС ЭСТЭЙТС” ХХК-ийн хамтран баталсан тактикийн сургуулийн төлөвлөгөө, гал унтраах ажлын хэсгийн бүрэлдэхүүний ажил үүргийн хуваарийг тодотгосон. Үүний дараа Гал түймэр унтраах, голомтод аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ үеэр эхний дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги хүрэлцэн ирж гал унтраах удирдагчаас өгсөн үүргийн дагуу гал түймэр унтраах тархалт хийж, аврах ажиллагааг явуулж, гал түймэрт өртөж түлэгдэж гэмтсэн, бэртсэн хүнийг анхны тусламжийн цэгт хүлээлгэн өгсөн,  нэмэлт дуудлагаар хүрэлцэн ирсэн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэсэн.Төгсгөлд дадлага сургалтад оролцсон бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн юм.

Дадлага сургалтад Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги,  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги,  Аврах ангийн алба хаагчид болон “М СИ ЭС ЭСТЭЙТС” ХХК-ний ажилчид, “Белла виста” хотхоны оршин суугчид оролцлоо.

1663666107091.jpeg

Дадлага сургалтыг зохион байгуулснаар Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймэр унтраах дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, тухайн объектод гарсан гал түймрийг унтраах, арга зүйн тактик, онцлогийг судлах, шаардлагатай хүн хүч хэрэгслийг тооцоолох, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлж, алба хаагчдын сэтгэл зүйн болон бие бялдар, тэсвэр  хатуужлыг сайжруулах, тухайн объектын ажилчдын хамтын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг байгаа хэмжээнд нь хохирол багатай унтраах, гал түймрийн үед хурдан шуурхай богино хугацаанд хамтран ажиллах туршлага хуримтлуулах ач холбогдолтой юм .

scroll to top